Танилцуулга

Эмнэлэг байгуулагдсан оноо

УБ хотын АДХГЗ-ын ЭХГ-ын даргын 1970-7-1-ний өдрийн 126 тоот тушаалаар хүүхдийн II больницыг ашиглалтад оруулах шийдвэр гарч,  уг тушаалд эмнэлгийг 1970-7-1-ний өдрөөс эхлэн амбулатори, больниц, тусгай кабинет, захиргаа, аж ахуйн тасагтайгаар байгуулж,  Сүхбаатарын районы 3 сараас дээш насны уушгины хатгалгаа өвчтэй хүүхдэд үйлчлэхээр зааж,  хүүхдийн клиникийн нэгдсэн эмнэлгийн харьяанд байсан хүүхдийн хэсгүүд, түргэн тусламжийн салбарын эмч ажилчдыг 7 сарын 1-ээс тус эмнэлэгт шилжүүлсэн байна.

2004 оноос хойш ...

2004-02-14-ний өдрөөс Нийслэлийн Засаг даргын 28 тоот захирамжаар Нэгдсэн эмнэлэг нь менежментийн гэрээгээр ажиллахаар Эрүүл мэндийн нэгдлийн  бүтцээс тусгаарлан, Захиргаа санхүү аж ахуйн тасаг, Тусламж үйлчилгээний тасаг, Хүүхдийн тасаг, Насанд хүрэгчдийн тасаг гэсэн бүтэцтэй бие даан үйл ажиллагаа явуулж ирлээ.

ЗУРГАН ДЭЭР

Хүүхдийн II эмнэлгийн анхны удирдах ажилтнууд 1970 он.
Зүүн гараас: А. Банзрагч, Э. Оюунчимэг, дарга Ж. Урнасан, Г. Түвддагава, эмч Даваажав нар

Үндсэн чиг үүрэг

Алсын хараа

Үндэсний брэнд эмнэлэг болох

Эрхэм зорилго

Удирдлагын үйл ажиллагааны шинэчлэлийн үр дүнд хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг таатай орчинд, чанартай, жигд, хүртээмжтэй, шуурхай үзүүлэх тогтолцоог бий болгох.

Зорилго

Санхүүгийн удирдлагын механизмыг боловсронгуй болгосноор төсвийн ачааллыг үе шаттайгаар бууруулах. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үйл ажиллагааг стандартын хэмжээнд хэрэгжүүлэх

Түүхэн замнал

Хөгжлийн үе шат, онцлох үйл явдал

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1970 онд “Хүүхдийн 2-р эмнэлэг” нэртэй байгуулагдаж, тэр үеийн Октябрийн районы хүүхдүүдэд хэсгийн, амбулаторийн болон хэвтэн эмчлэх чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байлаа.

1970 - 1978

Хүүхдийн II больниц

Сүхбаатарын районы 0-16 насны 41644 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай, амбулатори, Хүүхдийн 29 хэсэг, тусгай кабинеттайгаар /клиник лаборатори, гэрэл, физик эмчилгээ/ нээгдсэн ба тухайн үед барилгын зарим бэлтгэл ажлаас шалтгаалж өвчтөн хэвтүүлж эмчлэх болон хүлээн авах тасаг 50 ортойгоор нээгдэж, 1971 оны 1 дүгээр сарын 16-аас өвчтөн хүлээн авч хэвтүүлж эхэлжээ.

1978 - 1980 он

ЭХЯ, УБ хотын АДХГЗ-ны гишүүдийн хамтарсан хурлын 1978-2-9-ны 47/29 тоот тогтоолоор эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус эмнэлгийг 1978 оны 1-р улирлаас ЭНХЭШХ-ийн бааз эмнэлэг болгон ажиллуулах шийдвэр гарч ажиллуулснаар өндөр мэргэжлийн эмч эрдэмтэд эмнэлгийн үйл ажиллагаанд оролцон зөвлөгөө өгдөг болсон байна.

1980 - 1991

Сүхбаатарын районы Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг

1980-1990-ээд онд тус эмнэлэг нь 310 ортой больниц, 65 хүүхдийн хэсэг, түргэн тусламж, реабилитац, нарийн мэргэжлийн кабинетууд, сургуулийн тасагтай поликлиник бүхий нийтдээ 300-аад эмч ажилчидтай эмнэлэг урьдчилан сэргийлэх том байгууллага болтлоо өргөжжээ. Нийгмийн цаг үеийн өөрчлөлттэй холбоотой тус эмнэлэг “Хүүхдийн 2-р эмнэлэг”, “Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв” нэртэй хуваагдаж, нэгдэж ажиллаж байсан ч үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Сүхбаатар дүүргийн хүн амд II шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгэн хүч, сэтгэлээр үзүүлж ирсэн хамт олон байсан билээ.

1991 - 1997

“Сүхбаатар” Эрүүл мэндийн зөвлөх төв

1991-1997 онд “Сүхбаатар” Эрүүл мэндийн зөвлөх төв дангаар хамаарах бөгөөд өрхийн эмнэлгүүд нь зөвлөх төвийн бүтцэд хамаарагдаж байлаа.

1997 - 2004

“Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл

Сүхбаатарын районы Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар Эрүүл мэндийн зөвлөх төвийг НЗД, ЭМСайдын 1997 оны A08/06 тоот хамтарсан шийдвэрээр буцаан нэгтгэж, "Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл гэсэн нэршил статустайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон.

2004 оны 2 - р сараас

“Сүхбаатар” Нэгдсэн эмнэлэг

2004 оноос удирдлагын гэрээний үндсэн дээр “Сүхбаатар” Нэгдсэн Эмнэлэг болон зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэ хамт олон маань эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө өөрчлөлт шинэчлэлтийг хийх, нэгэн зорилготой бүтээлч, эвсэг хамт олон бүрдсэн юм.

Нэгдсэн эмнэлэг нь нийт 7 тасагтай

Үндсэн үйл ажиллагаа

Сүхбаатар дүүргийн нийт 141991 хүн амд Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс 52229 нь 0-18 насны хүүхэд байна. “Сүхбаатар” Нэгдсэн Эмнэлэг хөгжлийнхөө явцад хоёрдугаар шатлалын эмнэлгээс лавлагаа тусламжийн эмнэлэг болон тэлж улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна